Архины урагт үзүүлэх нөлөө

Жирэмсэн үед архи хэтрүүлэн хэрэглэхэд ургийн архины хам шинж “фетальный алкогольный синдром” үүсдэг. Энэ нь 1000 жирэмсэнд 1-2 тохиолддог бөгөөд архаг архичин эмэгтэйчүүд, эсвэл нэг удаад архи хэтрүүлэн уухад үүсдэг байна. Эрдэмтдийн судалгаагаар, архи эхсээр шууд нэвтрэх бөгөөд цэвэр спиртээр тооцоход хоногт 50 мл-ээс их хэрэглэх тохиолдолд 32 хувьд хөгжлийн гажигтай ба үүний 12 хувь нь жижиг тархитай төрдөг байна.

Энэ хам шинж нь:
- Микроцефали /тархи жижиг/
- Микроофтальми /нүд жижиг/
- Ургийн хөгжил баригдах
- Оюун ухааны хомсдол болон бусад мэдрэлийн эмгэг үүснэ.

          Архины спиртийг нэгжээр хэмждэг ба найман гр цэвэр спирт нэг нэгжтэй тэнцдэг байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд архийг 1-2 нэгжээс илүү хэрэглэж болохгүй. Архи болон тамхи нь хор нөлөөгөөрөө нэгэн адил бөгөөд хүүхдийн өсөлт боожилтыг зогсоодог. Архин дахь спирт нь хүүхдийн цусны эргэлтэнд шууд орж бүх биеэр эргэлддэг. Ялангуяа эхний 6-12 долоо хоногтойд ургийн  эд, эрхтэн үүсэж бүрэлдэж байгаа үед хамгийн их хор уршигтай байдаг.

          Жирэмсэн эмэгтэй өдөрт 2-оос дээш хундага архи уудаг бол ургийн архины хордлогын шинж буюу хүүхдийн нүүр царайны дүр төрх байдал гаж тогтоцтой үүсэх магадлал эрс өндөрсөнө. Жишээ нь: Тагнай цоорхой, уруул сэтэрхий, зүрх  согогтой, мөчдийн гажиг хөгжил, оюун ухааны хомсдолтой болдог. Хор нөлөө учруулах архины тун хэмжээг тодорхойлох боломжгүй. Учир нь хоёр хундага архи, дарс, пиво зэрэг нь урагт эмгэг нөлөө үзүүлж болдог байна.

          Ер нь архинд хордоход хялбар, тэсвэр муутай байдаг удамшлын болон бие махбодын  онцлог хүн болгонд өөр өөр байдаг. Үүний улмаас өчүүхэн дусал ч хүүхдийг тагнай цоорхой, зүрхний гажигтай оюун ухааны хомсдолтой болгох аюултай байдаг.

Эрүүл үр удам, эрүүл ирээдүйн төлөө